Moodle


Яагаад Цахим сургалт гэж?

Манай зууны мэдээллийн технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн жишээ бол Цахим Сургалт юм. Цахим Сургалт сүүлийн үед олонтаа хэлэлцэгдэн, яригдаж, туршигдан улмаар танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан, ирээдүйд баримжаалсан сургалтын орчин үеийн арга хэлбэр болон зөвшөөрөгдөж эхэллээ.

Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг нь суралцагчдад мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, заах утга илэрхийлнэ.

Суралцагчдын өмнө сургагч зогсон явуулдаг тэнхимийн сургалттай харьцуулахад цахим сургалтын оролцогчид өөрийн компьютерийн өмнө суун суралцдаг. Цахим сургалтын давуу тал нь суралцагч хичээлийн цаг болон хичээлийн байр танхимаас үл хамааран биеэ даан ажилладаг.

Оролцогчид компьютерээ дурын газарт, дуртай цагтаа ашиглана. Суралцагчид аливаа сэдвийг сурах буюу эсвэл өргөжүүлэхийг хүссэн үедээ гэртээ, ажлын байранд, цэцэрлэгт хаа боломжийн газраа суун компьютер дээрээ сурч эхэлнэ. Хөдөлгөөнт буюу суурин газар гэдгээс үл хамааран интернэтийн сүлжээ байхад зайнаас суралцахад хангалттай юм.

Цахим суралцагчид дараах арга барилаар суралцдаг:

  • Сурах сэдвийн агуулгыг уншина.
  • Өөр өөрийн арга барилаар агуулгатай ажиллан, боловсруулна.
  • Ойлголтоо курсын бусад оролцогчидтой э-шуудангаар эсвэл чат өрөө, илгээсэн асуултуудаар дамжуулан хэлэлцэж,багаар ажиллан, даалгавар гүйцэтгэн, мэдээлэл солилцоно.
  • Ихэнх тохиолдолд ухаалаг сургагчийн үүргийг цахим-багш хүлээж суралцагчдыг дэмжин, тэднийг хөтлөн чиглүүлж, хоорондын харилцаа холбооны урсгалыг зохицуулан, мэдээлэл солилцоно.

Энэхүү сурах, заах шинэ арга барил - Цахим сургалт нь шинэ боломжууд олгохоос гадна бие даан суралцах арга зүйн ноу хау, хувийн сахилга бат, хамтран суралцах ур чадвар зэргийг шаардана.

Монголын Цахим Мэдлэг Кампусын онлайн курсад сурахаар шийдсэн хэн боловч сургалтын үр дүн, амжилтанд шууд нөлөөтэй хувийн зохион байгуулалтыг чанд сахих ёстой.

Цахим Мэдлэгийн ирээдүйн оролцогчид өөрөөсөө дараах асуултуудыг асуух хэрэгтэй:

  • Би энэ сэдвийг үнэхээр сонирхож байна уу?
  • Би үүнд цагаа зарцуулахад бэлэн үү?
  • Би олон янзын хүмүүстэй харилцан холбогдох чадвар болон хүсэлтэй юу?
  • Би сургалтын зорилгыг завсарлагатайгаар харьцангуй урт хугацаанд даган мөрдөх чадвартай юу?
  • Надад интернэтэд холбогдох зэрэг техникийн наад захын шаардлага хангасан компьютер хэрэгсэл ашиглах боломж бий юу?
  • Би курсын материалыг зөвхөн унших нь хангалттай бус гэдгийг ойлгосон уу? Манай харилцаа холбоо болон харилцан идэвхтэй дасгал ажлуудад байнга, идэвхтэй оролцох нь цахим-суралцагчийн гарцаагүй үүрэгт ажил мөн.

Та дээрх асуултуудын дийлэнхэд "тийм" гэж хариулж чадаж байвал манай онлайн курсуудад оролцох нь танд шинэлэг мэдлэг олгож шинэ боломжийг авчирна. Түүнчлэн та янз бүрийн ажил мэргэжил, туршлага, соёл, сонирхолтой бусад цахим суралцагчидтай холбогдон ажиллаж мэдлэг туршлага солилцох боломж олно.

Сүүлд засварласан: Monday, 25 January 2010, 05:06 PM