“Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох”, “Цахим сургалтын чанарын хяналтын бүтэц, тогтолцоог тодорхойлох” ажил ба судалгааны тайлангууд гарлаа
2013 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

“Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох”, “Цахим сургалтын чанарын хяналтын бүтэц, тогтолцоог тодорхойлох” ажил ба судалгааны тайлангууд гарлаа

Цахим Мэдлэг ТББ нь Монгол Улсад цахим сургалтыг нэвтрүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн цахим сургалтууд (www.mongolcampus.org) явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд их, дээд сургууль, коллежийн багш, бизнесийн байгууллагын сургалтын менежерүүд нийт 310 хүнийг цахим сургалтыг төлөвлөх ба хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөсөн ба

төгсөгчид нь цахим сургалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

21-р зууны боловсролын чиг хандлага, мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, сурагч оюутнууд, иргэдийн хэзээ ч хаанаас ч суралцах гэсэн хэрэгцээ нь боловсролын байгууллагууд цахим сургалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага болжээ. Цахим сургалтыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудал нь цахим сургалтыг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс анхаарал дэмжлэг, зохицуулалт сул, цахим сургалтын стандарт байхгүйгээс хэрэгжүүлэгч бүр өөр өөрийн ойлгосныг цахим сургалт хэмээн нэрлэж явуулдаг, цахим сургалтанд чанарын хяналт тавих тогтолцоо бүрдээгүй зэрэг юм.

Дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд Цахим Мэдлэг ТББ-аас “Цахим сургалтын стандартын төсөл боловсруулах, чанарын хяналтын тогтолцоог санаачлах” төслийг хамтран ажиллагч Германы олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр 2012 оны 9-р сараас 2013 оны 3-р сарыг хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах гэдэгт 1-рт, чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг, 2-рт, чанарыг хэн, хэзээ, хэрхэн хянаж баталгаажуулах үйл явцыг тодорхойлохыг ойлгож буй юм. Уг ажлыг эхлүүлэхийн тулд Цахим Мэдлэгээс “Монголд боловсролын стандартыг боловсруулж хэрэглэж буй байдал”, “Цахим сургалтын чанарын хяналтын Open ECB Check ба олон улсын туршлага” судалгаануудыг 2012 оны 9-10-р сард хийж гүйцэтгэсэн нь төслийн дараагийн алхмуудын үндэс суурь болж байна.

Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүд ба бүтэц, тогтолцоог тодорхойлох энэхүү ажлаар 2012 оны 11-р сард явуулсан онлайн асуулга, 2012 оны 12-р сард зохион байгуулсан “Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох нь”, “Цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах нь” семинаруудын үр дүнг нэгтгэн гаргалаа. Түүнчлэн Монгол улсад мөрдөгдөж буй дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуурууд ба цахим сургалтын Open ECB Check чанарын хяналтын шалгууруудыг хооронд нь харьцуулан судалсан дүнг танилцуулсан.

Цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах ажилд бүх шатны боловсрол, цахим сургалт, чанарын хяналт, стандартын чиглэлээр ажиллаж ирсэн сонирхогч бүхий л талуудыг оролцуулахыг Цахим Мэдлэгээс чармайж байгаа бөгөөд онлайн асуулга, семинараас гарсан үр дүнг сонирхогч, оролцогч талуудад өргөн барьж дахин хэлэлцүүлэхэд энэхүү тайлан ихээхэн ач холбогдолтой юм.