“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо
2015 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 00:00    PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL-оос долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг Tech Talk-ийн энэ удаагийн зочин илтгэгчээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий оролцож "Цахим сургалт ба Инноваци" сэдвээр лекц уншлаа. Лекц 2015 оны 3-р сарын 25-ны Лхагва гарагт ШУТИС-ийн Төв байрны 2 давхар, 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 16:20-18.00 цагт явагдав.

Илтгэгч “Цахим сургалт бол багшлахуй, суралцахуйн бүхий л үйл ажиллагаанд шинэчлэлтийг авчирч буй боловсролын инноваци мөн” болохыг илтгэж, сонирхолтой яриа өрнүүлэв. Лекцэд 40 гаруй хүн оролцсон бөгөөд “Мүүдл системд хэрэглэгчийн тооны дээд хязгаар гэж байдаг уу? Байдаг бол хэд?”, “Цахим хичээлд текст, слайд, аудио, видео тус бүр тэдэн хувь байх ёстой гэсэн тогтоосон хэмжээ байдаг уу?”, “Оюутнуудыг өөрийгөө чиглүүлж сурдаг болгох арга техник бий юу?” зэрэг асуултуудыг илтгэгчид тавьж хариулт авсан юм. Илтгэлийн слайдуудыг http://www.slideshare.net/TsetsegUlziiYadamsuren/elearing-and-innovation хаягаар орж сонирхоорой.

Я.Цэцэг-Өлзий нь мэдээллийн технологи, интернэтийг хөгжилд, түүний дотор хүний хөгжилд бүтээлчээр ашиглах чиглэлээр сүүлийн 13 жил ажиллаж байна. Тэрээр 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас төсөлд суурилсан сургалтын хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажиллажээ. Цэцэг-Өлзий нь цахим сургалтыг нэвтрүүлэх зорилготой Цахим Мэдлэг байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл 350 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байгаа юм.

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб OIL нь Монгол улсын хэмжээнд инноваци, энтрепренершипийн соёлыг түгээн дэлгэрүүлж, судлаачид, оюутнууд, бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчдын уулзах цэг болж энтрепренёрүүдийн хүрээллийг үүсгэн хөгжүүлэх зорилготой төсөл юм. OIL-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/OILMUST, https://twitter.com/MUST_OIL хаягаар, эсвэл ШУТИС-ийн Төв номын сан, 207 тоотоос авч болно.