О.Золзаяа: Бүгдийг зааж болно, гэхдээ онлайнаар юуг, яаж заах вэ гэдэг чухал
2012 оны 2-р сарын 07, Мягмар гариг, 15:11    PDF Хэвлэх И-мэйл

"Цахим Мэдлэг" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Золзаяагийн "Компьютер таймс" сэтгүүлийн 2011/10 дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

Онлайн сургалт явуулах байгууллага ямар нөхцөл, боломжийг хангасан байх вэ? /техник, технологийн нөхцөл боломж, хүний нөөц, түүний мэдлэгийн үүднээс/

Сургалтын хэрэгцээ, суралцагчдынхаа технологи хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлсон, агуулгаа цахим хэлбэрээр боловсруулсан, техник технологи, хүн хүчний хувьд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Онлайн сургалтыг хэрэгжүүлэхэд төслийн менежментийн арга хэлбэрийг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ ажлыг өдөр тутмын ажлаас ялгаж салгаж, төсөл маягаар хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Төсөл гэж юу вэ гэхээр гурван зүйл яригдах юм. Энэ нь нэгдүгээрт төсөл бол тодорхой шинэлэг зорилготой, хоёрдугаарт тодорхой хугацаанд хэрэгжихээр, гуравдугаарт тодорхой төлөвлөсөн төсөв мөнгөтэй байхыг хэлнэ. Онлайн сургалтыг хэрэгжүүлэх гэж буй байгууллага энэ гурван зүйлийг тодорхойлж тусгасан төслийн баримт бичигтэй байх нь урьдач нөхцөлүүдийн чухал хэсэг нь юм. Түүний дараа уг төслөө хэрхэн яаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зураглалтай байж, ажиллах багаа бүрдүүлэн нэг санаатай ажиллах нь чухал гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд байгууллага дахь манлайлал маш чухал.

Онлайн сургалтыг ямар байгууллага явуулбал зохимжтой вэ? Заавал сургалтын байгууллага гэлтгүй нэг удаагийн үзүүлэн таниулах, тухайн бараа бүтээгдэхүүний үйлчилгээний талаар зааврыг олон нийтэд танилцуулах зорилготой онлайн сургалт явуулж болох уу?

Үүнийг хариулахаас өмнө онлайн сургалт гэж юу вэ гэсэн тодорхойлолтыг ярих нь зүйтэй санагдаж байна. Электрон сургалт, цахим сургалт, интернэтэд суурилсан сургалт, зайн сургалт гэх мэт олон янзаар нэрлэгдэж, хэвшсэн нийтлэг нэг хэллэг, ойлголт байхгүй байна. Гадаадын орнуудад ч мөн адил eLearning, online learning, web-based learning гэх мэт олон янзаар нэрлэгддэг. Онлайн сургалтыг бид багш суралцагчид алслагдсан орон зайнаас нэг ижил, эсвэл өөр өөр цаг хугацаанд Интернэтийг түгээх, харилцах суваг болгон ашиглаж суралцах үйл ажиллагаа гэдэг талаас нь тодорхойлж зааж байгаа. Түүнчлэн онлайн сургалт нь багшийн дэмжлэгтэй эсвэл дэмжлэггүй хоёр янз байдаг. Нэгэнт “сургалт” гэдэг үг байгаа учраас тэнд сургалтын тодорхой зорилго, суралцагчийн эзэмшиж мэдвэл зохих мэдлэг, ур чадварын асуудал, цаашилбал суралцагчийн ахицыг хэмжих, дүгнэх асуудал гарч ирнэ. Ажлын байран дээрх сургалтын хувьд суралцагчийн ахицыг хариуцсан ажлаа хэрхэн хийж, ямар үр дүн гаргаж байгаагаар хэмжиж болдог. Харин таны хэлж байгаа нэг удаагийн үзүүлэн таниулах, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний талаарх зааврыг онлайн хэлбэрээр танилцуулахыг би онлайн сургалт гэж үзэхгүй байна. Учир нь энд сургалттай холбоотой дээрх зүйлүүд яригдахгүй. Youtube-д хэдэн зуу мянгаараа байдаг Iphone-ын jail break-ийг хэрхэн тайлах вэ? гэх мэтийн видеонуудыг сургалт биш харин хэрэглэгчид зориулсан мэдээлэл гэж нэрлэх нь зүйтэй байх. Тэгэхээр онлайн сургалтыг академик эсвэл ажлын байран дээрх сургалт явуулдаг байгууллагууд явуулах нь зүйтэй гэж хэлье.

Юу ч онлайнаар зааж болох уу? Онлайнаар юу сурахыг хүсч байна гэсэн танай санал асуулгаар дийлэнх хүмүүс ямар сургалт гэж хариулсан үр дүнг байгууллагынханд танилцуулна уу?

Онлайнаар зааж болохгүй зүйл гэвэл хүний хүрэх, амтлах, үнэрлэх мэдрэхүй шаардагддаг тэр зүйлүүдийг болохгүй. Тухайлбал сувилагчийн сургуульд булчин ба судас тариаг хэрхэн тарих онолыг нь онлайнаар зааж болно. Харин тарих дадал, мэдрэмжийг суралцагч онлайнаар сурах боломжгүй. Үүний адилаар хоол амталгаа, гагнуур, мужаан зэрэг техник мэргэжлийн хичээлүүдийн хувьд онолын хэсгийг нь онлайнаар зааж болно. Бусдаар бол гадаад хэл, математик, компьютер, програмчлал, хууль, эдийн засаг, менежмент, инженеринг гээд юуг ч онлайнаар зааж болно, зааж байгаа туршлагууд гадаад орнуудад олон байна. Дүрсэлж үзүүлж, хөдөлгөөнтэйгөөр тайлбарлах боломжгүй байсан агуулгыг өнөөдөр мультимедианы тусламжтайгаар үзүүлж харуулах болсон нь хичээлийг ойлгомжтой, сонирхолтой, дан онолоор цээжлэх биш бодитойгоор харж судлах боломжийг олгож байгаагаараа агуу. Жишээ нь би хүний ДНХ, эсвэл мах сүүний уураг, эм, спирт, органик нэгдлүүд гээд сонирхсон зүйлийнхээ молекулын бүтцийг, нар, сар, есөн гаригийн хөдөлгөөнийг гурван хэмжээст орон зайд өнгө ялган харж, эргүүлж тойруулж үзэж болж байна. Цахим Мэдлэгийн хувьд бид онлайн сургалт бол танхимын сургалтыг орлож, өрсөлдөх биш, харин түүнийг гүйцээн баяжуулсан, сурах/сургах орчин үеийн арга хэлбэр гэдэг талаас нь зааж тайлбарладаг. Онлайнаар юу сурахыг хүсч байна гэсэн манай санал асуулгаар дийлэнх хүмүүс англи хэл гэж хариулсан байдаг. Түүнчлэн компьютер, компьютер засвар, график дизайн, цахим сургалтын технологи, солонгос хэл, орос хэл, төслийн менежмент, бизнесийн удирдлага, харилцааны соёл, математик, жолоо, хүүхэд хүмүүжүүлэх гээд олон хичээл нэрлэсэн байдаг.

Онлайн сургалт явагдах орчин нь ямар байх вэ? /зургаар харуулах/ Байгууллагынхаа онцлогт тохируулан интернэт дэх өөрийн сургалтын анги танхимыг бүрдүүлж болох уу?

Онлайн сургалт явагдах орчин бол сургуулийн анги танхимтай нэгэн адил зөвхөн багш суралцагчид харилцан ажиллах, суралцах хамгаалалттай орчин байдаг. Интернэтийн хязгааргүй их мэдээллээс ангид, суралцагчийг зөвхөн сургалтын зорилгод хүрэхэд нь чиглүүлж дэмжсэн, хэрэглэхэд хялбар тийм орчинг бүрдүүлэхэд анхаардаг. Сургалтыг илүү сонирхолтой, харилцан ажиллагаатай болгоход чиглэсэн Second life мэт сургалтанд зориулсан технологи шийдлүүд хөгжингүй орнуудад нэвтэрч байна. Тухайлбал Second life сургалтын орчинд багш суралцагчид гурван хэмжээст орон зайд үйл хөдлөл хийж, өөр өөрийн гэсэн аватортой, үс засалт, хувцаслалтаа өөрийн сонирхлоор өөрчилж байх тийм орчинг бүтээсэн байдаг. Цахим Мэдлэгийн хувьд сургалт удирдах Мүүдл системд суурилсан кампуст онлайн сургалтаа явуулж ирлээ. Кампуст суралцагчид хичээлийн бүхий л материалаа татан авч, долоо хоног бүр хэлэлцүүлэг, чат хийж, даалгавраа оруулж, хичээлтэй холбоотой олж авсан материалаа хуваалцдаг.

Онлайн сургалт явуулснаар байгууллагад ямар үр ашигтай байх вэ? Танхимын сургалтаас давуутай нь эдийн засгийн хувьд болон илүү олон хүнийг хамруулах боломжтой зэрэг байж болох юм. Өөр ямар давуу тал, боломжийг олгох вэ?

Онлайн сургалт явуулснаар байгууллага мэдээллийн технологийг ашиглан мэдлэгийг тасралтгүй түгээх боломжтой болж, сургалтын чанарт ахиц дэвшил гаргах боломжтой болно. Ингэснээр өрсөлдөхүйц чадвартай “бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн үг. Энэ хамгийн чухал нь. Суралцагчид онлайнаар илүү амжилттай сурдаг, мөн танхимд сурснаас илүү их цагийг сурах үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Дээр нь таны хэлсэнчлэн шинэ зорилтот бүлэгт хүрэх, байгаа суралцагчдын тоог нэмэгдүүлэх, байгууллага болон суралцагч аль аль талд зардал хэмнэх, дахин ашиглагдах, хялбар шинэчлэгдэх, хамтран бүтээх сургалтын материалтай болох, багшийн давтагдсан хөдөлмөрийг хөнгөвчлөх гээд олон давуу талуудыг нэрлэж болно.

Тухайн байгууллага онлайн суралцагчдадаа ямар зарчмаар хичээлээ орох вэ, суралцагчдаасаа шаардах шаардлага нь юу байх вэ?

Байгууллага өөрийн сургалт, суралцагчдын онцлогт тохируулж онлайн сургалтын хэлбэрүүдээс сонгож хэрэгжүүлнэ. Онлайн сургалтыг танхимынхтай хослуулан явуулах хэлбэрийг холимог сургалт гэх ба үүнийг сургалтын хэлбэрүүд дотроос хамгийн үр дүнтэй нь болохыг тогтоосон судалгаа байдаг. Холимог сургалтын үед сургалтын эхэнд, дунд, төгсгөлд долоо хоногийн, 1-2 өдрийн танхимын сургалт яваад бусад үед нь онлайнаар явуулах ба үүнийгээ сэндвич, давхар сэндвич хэлбэрийн сургалт гэх нь бий. Цахим Мэдлэгийн хувьд сургалтын эхний өдөр танхимын сургалт явуулж, багш суралцагчид өөр хоорондоо танилцаж, онлайн сургалтын кампуст хэрхэн ажиллах дадлага хийдэг. Онлайн үе шатанд долоо хоног бүрийн эхэнд багш суралцагчдад үзэж судлах хичээл, дасгал, даалгаврын талаар и-мэйл явуулж, сурах үйл ажиллагааг кампуст хөтлөн явуулна. Үүнд сэдвийн талаарх хэлэлцүүлэгт бүтээлч хариулт өгөх, үүний тулд суралцагч хичээлийн материалтай танилцахаас гадна өөр бусад эх үүсвэрээс эрэл хайгуул хийх, өөрийн туршлагатай холбож хариулах зэргээр бүтээлч ажиллагаа хийнэ. Суралцагчид үүнийг хэзээ ч, хаанаас ч хийж болно. Долоо хоногт нэг удаа нэг цагт чатанд уулзалдаж, сэдвийн талаар ярилцдаг. Суралцагчдаас бие дааж ажиллах, унших, бичих, цагийн менежментээ зөв хийх ур чадвар шаардагдана. Тэд гэртээ, эсвэл ажил дээрээ Интернэтэд холбогдсон компьютертэй байх хэрэгтэй. Суралцагчдын Интернэтийн хурд, зурвасын өргөн янз бүр байдаг тул бид дуу, дүрстэй чат, хэмжээ ихтэй мультимедиа агуулга ашиглахаас одоохондоо зайлсхийж байгаа.

Дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэгдэж буй Мүүдл сургалт удирдах системийн талаар танилцуулна уу? Онлайн сургалттай ямар хамааралтай эсэх?

Мүүдл бол багш нараас багш нарт зориулан бүтээсэн онлайн сургалтын үнэгүй талбар юм. Мүүдл үнэгүй хэдий ч түүнийг ашиглан өөрийн хэрэгцээнд нийцэх талбарыг бүтээж, шинэчилж, ажиллуулахад хүн хүч, төсөв мөнгө хэрэгтэй. Мүүдлийг дэлхийн 212 орны боловсролын байгууллагууд ашиглаж байгаагаас АНУ, Европын орнууд хамгийн ихээр хэрэглэж байна. Эдгээр орнуудад Мүүдлийн түнш гэгдэх мэргэшсэн байгууллага, хүмүүс ажиллаж, талбар байгуулж өгөх, шинэчлэх, хэвийн ажиллагааг хангах, Интернэтэд байршуулах, Мүүдлийн код дээр ажиллаж захиалагчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх зэрэг ажил үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Манайд одоогоор ийм мэргэшсэн байгууллага байхгүй байна. Яваандаа ийм төрлийн байгууллагууд бий болж, үйлчилгээ, үнээрээ өрсөлдөж эхэлбэл онлайн сургалт Монголд хөгжихөд тус нэмэртэй болох юм. Сургалт явуулахад юу хэрэгтэй байдаг вэ, тэр бүгдийг Мүүдл өөртөө агуулсан байдаг ба байнга шинэчлэгдэж, боловсронгуй болж байна. Сургалтын материалыг түгээх, хуваалцах, багш суралцагчид өөр хоорондоо харилцах, хамтран ажиллаж мэдлэг бүтээх, сургалтын явцыг хянах, удирдах, суралцагчийг дүгнэх бүх л хэрэгслүүд Мүүдлд бий. Бид Мүүдлийн талаар сургалт явуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Германы ИнВЭнт байгууллага, АНУ-ын Миссурийн их сургуулийн онлайн сургалтын эскпертүүдээс зөвлөгөө, дэмжлэг авдаг гэж байна. Тэд юу гэж зөвлөдөг вэ? Байгууллагууд онлайн сургалт явуулдаг олон улсын туршлага?

Бид Германы олон улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ИнВЭнт байгууллагатай (2011 оны 1 сараас Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ болсон) 2006 оноос хойш хамтран ажиллаж байна. Бид ИнВЭнтийн сургалтын агуулгыг монгол хэлнээ буулгаж ашиглах Copy Left лицензийн гэрээтэйгээс гадна гурван курс амжилттай төгссөн төгсөгчдөдөө ИнВЭнтийн сертификат олгодог. ИнВЭнтийн “Онлайн сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” сэдэвт зургаан модульт сургалт бол 2005 оноос хойш хөгжиж буй орнуудад явагдаж, туршигдсан, одоо ч явагдаж байгаа сургалт юм. Бид энэ сургалтанд монгол багш нарыг хамруулах, Азийн бүсийн сургалтанд багшлах, онлайн сургалтыг хэрэгжүүлж буй мэдлэг туршлагаа ИнВЭнт болон түүний Ази, Африк, Латин Америкийн сүлжээтэй хуваалцах, солилцох зэргээр тогтмол хамтын ажиллагаатай байдаг. Миссурийн их сургуулийн Мэдээллийн шинжлэх ухаан, сургалтын технологийн сургуультай онлайн сургалтын талбарыг хэрэглэхэд хялбар дөхөм байдлаар хэрхэн бүтээх талаар хамтран ажиллаж эхэлсэн. Мөн тэдний төгсөгч боловсролын технологийн доктор монгол багш манай кампуст зайнаас багшилж хамтран ажилладаг. Онлайн сургалтыг хэрэгжүүлэх явцад тулгамдах олон асуудлын талаар бид гаднын түнш байгууллагууд, экспертүүдтэй зөвлөдөг бөгөөд энэ нь хэрэгжүүлэгч байгууллага бүрийн онцлог, нөхцөл байдлаас шалтгаалах тул энд цөөн үгээр илэрхийлэх боломжгүй юм.

Байгууллагууд онлайн сургалт явуулахад ямар хүндрэл бэрхшээл гарч болох вэ?

Яг юу хийх, яаж хийхээ мэдэхгүй, бүрэн сайн төсөөлөхгүй байх нь хамгийн эхний бэрхшээл гэж боддог. Үүнийг даван туулахын тулд дээр хэлсэн төслийн менежментийн аргаар ажиллах хэрэгтэй. Санхүүгийн боломж, технологи, түүний дэд бүтэц, хүний нөөц, агуулга бэлэн биш байх, байгууллагын доторх эсэргүүцэл, суралцагчдын бэлэн байдал гээд олон бэрхшээл бий. Энэ бүхнийг тууштай сайн манлайллын ачаар даван туулж болно доо. Бас нэг асуудал нь хүн бүрд хүрсэн чанартай сайн онлайн сургалт явуулъя гэвэл нэг багшид 20-25 оюутан ногдох хэрэгтэй байдаг. Гэтэл манай их дээд сургуулиудад нэг багш 60-100 оюутанд хичээл заадаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь бас нэг асуудал юм уу даа.

Онлайн сургалт явуулах эрх авна гэж байх уу? Байдаг бол ямар зам, зарчмаар авах вэ?

Их дээд сургуулиуд онлайнаар хичээлээ зааж кредит олгох асуудлаа байгууллагын дотоод журмаар зохицуулж байгаа гэж ойлгож байна. Тэрнээс онлайн сургалт явуулах нийтлэг дүрэм журам, стандарт, багш оюутны кредит, урамшууллыг тооцох журам зэрэг хууль эрх зүйн албан зохицуулалт одоогоор байхгүй байна. Гаднын сургуулиудад бол оюутнууд улиралд дор хаяж хоёр хичээл онлайнаар авна гм журам байдаг. Мөн нээлттэй их сургуулийн шалгуурт нийт хичээлийн тэдэн хувийг онлайнаар явуулдаг байж ийм статустай болно гэж зааж өгсөн байдаг. Манайд онлайн сургалтыг дэмжиж нэвтрүүлэхийн тулд онлайн сургалтыг явуулж туршиж байгаа багш нарт тэдэн хувийн нэмэгдэл урамшуулал олгоно гэх маягийн зохицуулалтыг 3-5 жилийн хугацаатай хийж өгвөл их түлхэц болохоор санагддаг.

Байгууллагууд хэрэглэгч, хүмүүст онлайн сургалтын ач холбогдол яаж тайлбарлавал зохимжтой вэ? Тухайн хүнийг хамрагдахыг хүсэхдээ хэрхэн тайлбар, сурталчилгаа хийх вэ?

Одоогийн энэ хүн болгон завгүй болсон цаг үед замын бөглөрөлд орж заавал нэг цагт нэг газар цуглар гэхгүй хэзээ ч хаанаас ч сурч боловсрох боломж гэдгийг онцлох хэрэгтэй байх. Хүмүүс ч үүнийгээ сайн мэддэг болсон байна. Сургалт маань харин дэмжлэг сайтай, хүнд өгөх юмаа өгсөн чанартай сайн байх л хэрэгтэй.

Онлайн сургалт явуулах бэлтгэл ажлын зардал?

Явуулах гэж байгаа сургалтын цар хүрээ, онцлог, байгууллага дахь бэлэн байгаа нөөц гэх мэт олон зүйлээс хамаарах энэ асуултанд ганц тоогоор хариулах боломжгүй.

Байгууллагууд онлайн сургалтаа төлбөртэй явуулах уу? Дунджаар хэдэн төгрөгийн төлбөртэй байх вэ? Танхимын сургалт явуулснаас үнэтэй эсвэл хямд?

Тухайн сургалтыг явуулахад ямар хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж байгааг харгалзан үзээд төлбөрөө тогтоох нь зүйтэй. Танхимын сургалт явуулахаас дутахгүй их цаг хүч шаардсан ажил гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Сэтгүүлч: Мөнхтуяа "Компьютер Таймс" сэтгүүл 2011.10 сар