Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчдийг сургалаа
Saturday, 20 June 2015 10:28    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

Цахим сургалтанд багшлах арга зүй” сэдэвт 20 цагийн цахим сургалт 2015 оны 5-р сарын 20-ноос 6-р сарын 17-ныг дуустал Цахим Мэдлэг кампуст явагдаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч, албадын дарга нар, нийт 47 хүн хамрагдлаа. Энэхүү сургалт нь онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадварыг суралцагчдад эзэмшүүлж, тэднийг “Цахим сургагч багш” болон бэлтгэх зорилготой юм.

Сургалт хагас өдрийн танхимын сургалтаар эхэлж, 4 долоо хоног онлайнаар үргэлжилсэн. Онлайн сургалтын үеэр багш, суралцагчид агуулгатай холбоотой 47 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, 361 хариулт оруулжээ. Хичээлийн явцад 4 чат ярилцлага явагдсан бөгөөд суралцагчид бүлгээр болон бие даан дасгал ажил, тест, даалгаврууд хийж, багшаас зөвлөмж хариу авсан байна.

Сургалтын эцэст 15 хүн сургалтын талаар үнэлгээ өгснөөс 93% нь “Сургалт миний төсөөлж хүсч байсантай үнэхээр дүйцсэн”, 7% нь “Ерөнхийдөө дүйцсэн” гэсэн байна.

Суралцагчдын сэтгэгдлээс:

  • “Онлайн сургалт гэдэг нь жинхэнэ утгаараа ийм л байдаг юм байна гэж мэдэрлээ”
  • “Чат хэрхэн хөтлөх, түүний тулд эхлээд бэлтгэх нь тодорхой арга зүй шаарддагийг мэдэж авсан. Мөн чатын үед хэрхэн бие биеэ хүндэтгэх, хүлээцтэй байх, яг хэлэлцэж буй асуудалдаа хандах зэрэг ёс зүй хандлагын шинжтэй алхмууд их чухал санагдсан”
  • “Курсын агуулга үнэхээр таалагдсан. Өөрийн эрхгүй биднийг хөтлөөд дагуулаад, хиймээр санагдаад, хийсэн зүйлийнхээ хариуг багш ирүүлсэн болов уу гэж хүлээгээд гэх мэтчилэн агуулга нь оролцогчдод ийм л хэрэгтэй байх талаас бид төлөвлөмөөр юм байна гэж бодлоо”
  • “Урьд нь онлайн даалгавраа удирдахад их дарамттай мэт санагддаг байсан. Одоо бол арай өөр өө”
  • “Сургалтын эхний өдөр л Миний удирдаж байгаа "Онлайн сургалт" нь "Онлайн сургалт" мөн юм болов уу? гэж бодож суусан…”
  • “Та нараас олон сайхан зүйлийг мэдэж авч байна. Ялангуяа онлайн багшийн харилцаа, хандлага, хариу зөвлөмж өгөх зэрэгт. Баярлалаа. Чатыг оройн цагаар хийж болох уу?”
  • “Онлайн сургалтыг хөтлөх арга барилыг олж харсан сайхан тохиолдол байлаа. Урьд нь ингэж их идэвхтэй онлайн сургалтад оролцож үзээгүй надад их зүйл бодогдууллаа”
  • “Онлайн сургалт үнэхээр сонирхолтой байлаа. Уншиж, тест бөглөж, файлын сан, хэлэлцүүлэгт оролцож өөрийн эрхгүй биднийг хөтлөөд явчихаж байгаа арга зүйг нь бид хэрэгжүүлмээр. Өөрийгөө ойлгох, өөрийнхөө зан төлвийг цэгнэж бодох зэрэг хувь хүний хөгжил давхар явагдаж байгаад баяртай байна”


 

 
Copyright © Mongolian e-Knowledge NGO, All right reserved.