Я.ЦЭЦЭГ-ӨЛЗИЙ: ЦАХИМ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАХ ЁСТОЙ
Wednesday, 25 March 2015 15:46    PDF Print E-mail
News - Latest news
There are no translations available.

ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL долоо хоног бүр зочин илтгэгч урьж, олон нийтэд нээлттэй Tech Talk (Тек Ток) буюу технологийн тухай ярилцах илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн Tech Talk “Цахим Сургалт ба Инноваци” сэдвээр 2015 оны 3-р сарын 25-ны өдөр болох бөгөөд бид зочин илтгэгч Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзийтэй онлайн сургалтын онцлог, онлайн сургалтын дэлхийн чиг хандлага болоод Монгол улс дахь нөхцөл байдлын талаар ярилцлаа.

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Я.Цэцэг-Өлзий: Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвар олгох цахим сургалтууд явуулдаг. Цахим сургалтын талбар бүтээх, түүний хэрэглээг зүгшрүүлэх, цахим курс бүтээх, цахимаар багшлах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Дэлгэрүүлж яривал Цахим Мэдлэг төрийн бус байгууллага 2007 онд байгуулагдсан. Эрхэм зорилго нь Монголд цахим сургалтыг бодит утгаар нь нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. Байгууллагын тухай мэдээллийг www.mongolcampus.org/mek хаягаар авч болно.

OIL: Онлайн сургалтын төлөвлөлт, заах арга зүй, сургагч бэлтгэх нь танхимын сургалт төлөвлөлт, заах арга зүй, багш бэлтгэхээс ямар онцлог ялгаатай вэ?

Я.Цэцэг-Өлзий: Цахим сургалтыг төлөвлөхөд курс төлөвлөгч буюу зааварчилгааны дизайнерын үүрэг чухал. Энэ хүн суралцагчдынхаа төлөв байдлыг шинжилж, тэдэнд тохирсон цахим сургалтын арга хэлбэр, үечлэлийг сонгон курсын ерөнхий дизайныг гаргаж ирдэг. Зааварчилгааны дизайнер хүн цахим сургалтын бүх төрөл, хэлбэрүүдийн онцлог, давуу болон сул тал, урьдач нөхцлүүдийг нарийн мэдэж байдаг учраас аливаа сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхдээ танхимын сургалтын үр өгөөжтэй адил байлгахаар тийм дизайныг гаргаж ирдэг гэж хэлж болно. Гаднын сургуулиудад бол зааварчилгааны дизайнер гэж тусдаа орон тоо, мэргэшил байна. Харин манайд бол багш гэж супер хүн, зааварчилгааны дизайнер, агуулга хөгжүүлэгч, цахим агуулга бүтээгч, цахим багш, менежер гээд бүх л ажил үүргийг гүйцэтгэх болоод байгаа харагддаг юм.

Цахимаар багшлах ур чадвар гэж танхимд багшилдгаас ялгаатай нилээд хэдэн зүйл шаарддаг ажил үүрэг бас байнаа. Танхимд явагддаг багшлахуй, суралцахуйн бүх ажиллагаа цахим орчинд явагдаж болдог болсон. Тэр бүгдийг чиглүүлж, мэдэрч ажиллахын тулд багш нар цахимаар багшлах арга зүйд суралцах хэрэгтэй болж байна. Бүх харилцаа бичгээр явагдаад ирэхээр багш, суралцагч хэн хэн нь бичгийн харилцааны чадвартай, компьютер, интернэтийн хэрэглээний зохих түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй болно. Цахим багш зайнаас суралцаж буй, нүүр тулж огт уулзаж байгаагүй суралцагчаа мэдэрч чиглүүлж заах, суралцагчаа цахим орчинд идэвхжүүлэх, явцыг нь хянах, дүгнэх, зөвлөх гээд танхимд багшлахаас ялгаатай зүйл их бий.

OIL: Онлайн сургалтанд контент маш чухал гэж ярьдаг. Мөн контекст болон коммунити үүнээс дутуугүй чухал гэж уншсан. Та энэ талаар тайлбарлаач?

Я.Цэцэг-Өлзий: “Content is the King” буюу “Агуулга бол хаан” гэдэг үг сургалт, цахим сургалт, вэбсайт, сонин сэтгүүл, дуу, жүжиг, ном гээд оюуны бүх л бүтээлд хамаатай болох нь харагддаг. Гэтэл “Content can’t beking without Context” буюу “Контекст нь байхгүй бол агуулга хаан байж чадахгүй” юм байна л даа. Контекст гэхээрээ агуулгыг утга учиртай болгож өгч байгаа суурь, орчин нь болж байна. Сурталчилгаагаар жишээ авбал их амархан ойлгогдоно. Багш нарт зориулсан цахим сургалтын зараа бид цахим орчинд л тавьж байна. Интернэтгүй газарт энэ сурталчилгааг хэвлэж тараагаад үр дүнгүй. Цахим сургалтын орчинд энэ контекстийг аваад үзвэл курс төлөвлөх шатанд их чухал. Суралцагчдаа хэн бэ,тэдэнд юу хэрэгтэй вэ гэдэгт суурилж, энэ контекстод тааруулж агуулга, дизайнаа зохиомжилно гэсэн санаа.

Цахим сургалтанд коммунити яагаад чухал юм бол? Анги, бүлэг, хамт олны нэг хэсэг гэдгээ мэдэж мэдрэх нь суралцагчийг цахим орчинд ганцаардах, төөрч будилах, сургалтыг орхихоос сэргийлэх нэг хамгаалалт болдог. Ийм ч учраас цахим сургалтын эхэнд багш, суралцагчид танхимд сургалт семинар хийж, нүүр тулж уулзалдах нь чухал байдаг.

OIL: Байгууллагууд онлайн сургалтыг нэвтрүүлснээр цаг, мөнгө хэмнэхээс гадна, тухайн байгууллагад ямар давуу талууд бий болдог вэ?

Я.Цэцэг-Өлзий: Байгууллага сургалтын агуулгаа авч үлдэнэ. Цалин өгч бэлтгүүлсэн, хийлгэсэн сургалтын агуулга, материал бол байгууллагын өмч гэж бид хардаг. Нэг багш ажлаас гарах, чөлөө авахад дараагийн багшид агуулга нь үлдэх ёстой гэж би боддог. Шинэ багш өмнөх агуулгыг ашиглах эсэх нь өөрийнх нь асуудал байж болно. Цахим сургалтыг бодит утгаар нь хэрэгжүүлж байсан газарт бол цахим курс бүр бүхэл бүтэн мэдээллийн сан болж үлдэнэ. Өөрөөр хэлбэр тэнд бүх чат, хэлэлцүүлгийн асуулт хариултын сан, даалгавар, даалгаврын фийдбакууд, тестийн сан, суралцагчдын суралцсан байдал бүгд хадгалагдаж үлдэнэ. Түүнийг дараа дараагийн багш нар улам бүр боловсронгуй болгож, сайжруулж ашиглана, үүнээс улбаалаад сургалтын бодлого, чанар, байгууллагын ой санамж гээд олон сайн үр дагавар бий.

OIL: Онлайн сургалтын дэлхийн чиг хандлага болон манай улс дахь нөхцөл байдал ямар байна вэ?

Я.Цэцэг-Өлзий: Дэлхийн чиг хандлага бол цахим сургалтыг тоглоом мэт болгох, сургалтыг хувь хүн бүрийн хэрэгцээ шаардлагад тохируулах, үүрэн утас ашиглаж суралцах, нийтэд нээлттэй цахим сургалтыг олноор бий болгох тал руу явж байна. Сургалтанд тоглоомын арга, зарчим, дизайныг нэвтрүүлснээр суралцагч тоглоомд хөтлөгдөх мэт явсаар өөрийн эрхгүй суралцахуйн үйл ажлуудыг хийж гүйцэтгэж, сургалтаа төгсөнө гэсэн санаа. Энэ арга зарчмыг дэлхий нийт зөвхөн сургалт гэлтгүй ажлын байранд хүртэл нэвтрүүлж хэрэгжүүлэх хандлагатай байна. Хүнийг сэдэлжүүлж, оролцуулах, хийлгэх үр дүнтэй арга болох нь судалгаагаар нотлогдсон байна л даа.

Сургалтыг хүн бүрийн хэрэгцээ шаардлагад тохируулахын тухайд гэвэл цахим сургалт энэ тал дээр өргөн боломжийг нээж өгч байна. Суралцагч хэзээ сурах, ямар хэмнэлээр сурах, агуулгын аль хэлбэрийг үзэх, алийг нь эхэлж үзэх, цаашлаад юу сурч ямар зорилгод хүрэхээ өөрөө шийддэг болж байна. Манай дийлэнх цахим суралцагчийн хувьд энэ хэлбэр арай эрт санагдаж байна. Манай суралцагчид өөрийгөө чиглүүлэн суралцах арга, дадал, хэвшилд суралцах хэрэгтэй байна л даа. Үүнийг хүмүүжил олж авах гэж хэлж ч болно.

Дэлхий нийт цахим сургалтын хөгжлийн ололт, дутагдал, цаашлаад боловсролын салбарт баримталж хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөөгөө жил тутам олон үзүүлэлт, аргачлалаар хэмжиж, дүгнэж, хэлэлцэж, дараагийн алхам, стратеги, бодлогоо гаргаж ирж байнаа. Тэд цахим сургалтын зах зээл дэх мөнгөний эргэлт, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн хэрэгслийн төрөл хэлбэр, оролцогчдын тоо, өгөгдлийн сангийн төрөл, хэмжээ гэх мэт үзүүлэлтүүдэд тодорхой аргачлалаар бүхий л мэдээллийг багтааж судалгаа, тайлан гаргаж байна. Манайд ийм R&D, мониторинг шинжилгээ ямагт дутагддаг гэж би боддог юм. Боловсролын хүрээлэн гээд төрөөс санхүүжилттэй боловсролын судалгааны мэргэжлийн байгууллага нь ийм төрлийн судалгааг жил тутам хийж, олон нийтэд толилуулж хэлэлцүүлж баймаар. “SO MUCH REFORM, so little change” гэж ном гарсан байна. Энэ манайд үнэхээр тийм байна уу, үгүй юу? Боловсролын салбарт өнгөрсөн 20 жилд хийж хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөөллийг тэд судлаад гаргаад ирээсэй.

Монгол дахь цахим сургалтын нөхцөл байдал гэвэл ололт ба дутагдал аль аль нь байна. Манай байгууллага 2007 онд нэг судалгаа хийснээс хойш дахиж судалгаа хийгээгүй байгаа учраас тоо баримттай үр дүн ярих боломжгүй байна. Миний ажигласнаар бол цахим сургалтыг байгууллагууд, хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгодог учраас “Манайх хэрэгжүүлчихсэн, хийчихсэн” гэж ярьдаг. Бодит утгаар нь хэрэгжүүлж буй эсэхийг цахим сургалтын талбар, түүний хэрэглэгдэж буй байдал, цахимаар харилцаж бүтээсэн мэдлэг, түүний үнэлгээг илтгэх хэд хэдэн үзүүлэлтүүдээр гаргаад ирнэ. Танхимд явагддаг багшлахуй, суралцахуйн ямар үйл ажиллагаануудыг цахим орчинд яаж явуулсан бэ гэдгийг л харна даа. Тэрнээс багш имэйлээр даалгавраа явуулаад авснаа цахим сургалтыг хэрэгжүүлчихлээ гэж хэлж болохгүй.

Цахим сургалтыг хэрэгжүүлэхдээ төслийн менежментийн зарчмаар ажиллах ёстой гэж би суралцагчдадаа байнга хэлдэг юм. Манай суралцагчид чинь их, дээд, мэргэжлийн болон дунд сургуулиудын багш нар, байгууллагуудын сургалтын менежерүүд шүү дээ. Төслийн менежмент гэж юу вэ гэвэл 3 гол зүйл л байгаа.

1) Тодорхой зорилготой байх,
2) Тодорхой хугацаатай байх,
3) Тодорхой төсөвтэй байх гэж.

Дээр нь манлайлал гэж нэг чухал зүйл бий. Цахим сургалтын төслийг удирдаж хэрэгжүүлэх тууштай манлайлагчтай байх хэрэгтэй. Тэрнээс өдөр тутмын ажил үүргийн хүрээнд цахим сургалтыг хэрэгжүүлчихнэ гэж хэцүү. Хэн маань юуны төлөө юу хийгээд, хаана нь яваад байгаагаа мэдэхэд төвөгтэй болно. Ер нь бол багийн ажил шүү дээ.

OIL: Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

2015.03.24

 
Copyright © Mongolian e-Knowledge NGO, All right reserved.